Өнөөдөр аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцсон байна. Хурлын эхэнд агентлаг, сумдын өнгөрсөн 14 хоногт хийсэн онцлох ажлыг танилцуулав.
Мөн Статистикийн хэлтсээс аж ахуйн нэгж байгууллагын тооллогын талаар мэдээлэл хийлээ. Тус тооллого нь улс орон даяар явагдаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 2021 оны 11 сарын 1-ээс өмнө үүсгэн байгуулагдсан 1292 аж ахуйн нэгж байгууллага, 1174 хувиараа хөдөлмөр эрхлэгчийг хамруулах аж. Энэхүү тооллогын ажил нь өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 12-р сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тооллогод https://toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдах юм.
Түүнчлэн төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулж, 34 ажлын байр нөхөгдөх боломжтой болсон талаар мэдээллээ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 11-р сарын 15-нд зохион байгуулах бөгөөд бүртгэлийг дөрөв хоногоор сунгаж маргааш буюу 11-р сарын 2-ны 09.00 хүртэл үргэлжлэхээр болжээ.
Хурлын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж үзэсгэлэн худалдааг тогтсон хугацаагаар зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө. Мөн Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан аймгийн түүхэн архивыг бүрдүүлэх ажлын хэсгийг томилсон бөгөөд байгууллагууд өөрсдөд байгаа түүхэн архивт орох материалыг 11-р сарын 10-ны дотор ажлын хэсэгт өгөх хэрэгтэйг хэлэв.
Энэ сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын дарга Л.Доржбат БНХАУ-ын Зам-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрын Ерөнхий дэд консул Жан И Шитэй албан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр Ерөнхий консулын газраас ЕБС-ийн 40 сурагчид 20 сая төгрөг, амьжиргааны төвшин доогуур 40 малчин өрхөд 20 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг хандивласан юм. Тус хандивыг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулж сумдад ижил тэгш квотоор олгохыг үүрэг болгов.