Г.Тувааны нэрэмжит аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Төвлөрсөн ариутгалын засвар – шинэчлэл” төсөл хэрэгжин эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа технологийн цоо шинэ дэвшилд хүрч эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал хангагдлаа.
ЭМЯамны дэмжлэгтэй, Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны нийт 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ЭМСХХ-5 төслийн хүрээнд төвлөрсөн ариутгалын тасагт иж бүрэн их засвар хийгдэж, ариутгал халдваргүйтгэлийн тасгийн бүтэц зохион байгуулалт, урсгал стандартын шаардлагад нийцэн, 13 нэр төрлийн орчин үеийн техник технологийн шаардлагыг хангасан олон дамжлагат бүрэн автомат систем бүхий тоног төхөөрөмж суурилагдаж, инженер техникийн ажилчид сургалтанд хамрагдан чадавхжин үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Төслийн хүрээнд Төвлөрсөн ариутгалын тасгийн цэвэр усны шугамыг шинэчлэн, 4 тонн багтаамжтай ус нөөцлөгч, ус шүүгч, халаагч төхөөрөмж бүхий ус цэвэршүүлэх системийн угсралт суурилуулалт бүрэн хийгдсэн байна. Мөн нян устгагч шүүлтүүртэй агаар сэлгэлтийн нэгдсэн систем бүхий вакум орчин, хөргөлтийн систем бүрэн шийдвэрлэгджээ.
Хөндийт багажийг даралттай усаар угаах, хатаах автомат машинууд, багаж савлагч, ам наагч төхөөрөмжүүд, багаж хэрэгслийг өндөр даралтат уураар ариутгагч хос аппарат суурилагдсан нь хүлээгдэлгүй, сэлгэн ажиллах боломжийг бүрдүүлсэн байна. Бага температурт плазм ариутгалын төхөөрөмж суурилагдсанаар дурангийн мэс заслын багаж хэрэгсэл, оношилгоо эмчилгээний уян дурангийн ариутгал халдваргүйтгэлийн асуудал цогцоор шийдвэрлэгдлээ.
Ажиллагсдын гараар хийгддэг бүх үйл ажиллагаа автомат системд шилжин, ажлын байрны ая тохитой орчин бүрдэж, өвчтөний аюулгүй байдал хангагдан, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах нөхцөл бүрдсэн байна.