Дэлгэрцогт сумын Ерөнхий боловсролын сургуульд тус сумын уугуул, Монгол улсын их сургуулийн доктор, профессор Лувсан-Ишийн Мөнх-Очир агсаны гэр бүл, хамт олон, МУИС-ийн төгсөгчдийн зүгээс иж бүрэн компьютерийн танхимыг тохижуулж, хүлээлгэн өглөө.
Тус танхимыг засварлан, хичээл заах LED дэлгэц, 20 ширхэг орчин үеийн өндөр хүчин чадалтай иж бүрэн компьютер, ширээ, сандал зэрэг 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Танхим тохижуулах ажилд 20 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хандив босгон, оролцсон байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Боловсрол, соёл урлагийн газрын хэлтсийн дарга Л.Оюунбаяр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн удирдлагууд, багш нар оролцов. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр тус танхимыг тохижуулж, хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулж, орчин үетэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөн Л.Мөнх-Очир агсаны гэр бүл, үр хүүхэд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн хамт олон, төгсөгчдөд талархал илэрхийлж, цаашдаа тус тэнхимийг гэрчилгээжүүлэн, лаборатори болгох тал дээр аймаг орон нутгаас анхаарч ажиллахаа илэрхийлэв.