Өнөөдөр аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо.
Хурлаар агентлаг, сумдын өнгөрсөн 14 хоногт хийсэн онцлох ажлын мэдээллийг танилцуулж, өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар холбогдох хэлтэс агентлагуудаас мэдээлэл хийлээ.
Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс Монгол улсын Сангийн яамнаас төсвийн хэмнэлтийн бодлогыг баримтлан эдийн засгийг сэргээх, үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх, ирээдүй өв сангаар баталгаажсан хуримтлалтай монгол хүүхэд тогтолцоонд шилжих зэрэг төсвийн шинэтгэлийн талаар мэдээлэл хийлээ.
Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй "МЕРИТ" төсөл нь манай аймагт 2018-2023 онд буюу 7 жилийн хугацаанд төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа бөгөөд “Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар Мерит төслийн Дундговь аймаг хариуцсан төслийн ажилтан Ө.Удвал танилцуулсан юм. Уул уурхайн салбарт тус төсөл хэрэгжсэнээр бусад уурхайн хувьд жишиг болохуйц олон улсын туршлагад нийцүүлэн хаалтын менежментийг төлөвлөх сайн туршлагыг бий болгох стратеги ач холбогдолтойг онцлон хэллээ. Уг жишиг төслийн зөвлөх үйлчилгээг үндэсний тэргүүлэх туршлага бүхий “Кью Эм Си” компани болон олон улсад байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Канад улсын “Си Пи Пи Энвайронмэнтал” кропорацийн баг хамтран хүргэх аж.
Аж ахуйн нэгж байгууллагын тооллого нь улс орон даяар явагдаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 2021 оны 11 сарын 1-ээс өмнө үүсгэн байгуулагдсан 1292 аж ахуйн нэгж байгууллага, 1174 хувиараа хөдөлмөр эрхлэгчийг хамруулах юм. Энэхүү тооллогын ажил нь 12-р сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тооллогод https://toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдах юм.
Хурлын үеэр аймгийн Засаг даргын Орлогч М.Анхбаяр сум, байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангаж, аймаг, сум, байгууллагын хэмжээнд авч хэрэгжүүлсэн ажлаа иргэд нийтэд мэдээлэх, сурталчлан ажиллах талаар чиглэл өглөө. Мөн аймгийн Онцгой комиссын 25-р хуралдааны шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгууллага ААНэгжүүд хариуцлагын гэрээ байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа.