Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 20-ний өдөр Дундговь аймагт боловсрол, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Улаанбаатар хот дахь Орос ордны захирал Базархандаев Амгалан Ринчинович, тус яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Акулова Анна Сергеевна болон бусад төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд манай аймагт Орос хэлний олимпиад, кино нээлт зэрэг арга хэмжээ зохион байгуулах болсонд талархан бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн аймгийн удирдлагуудын зүгээс ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдөд соёлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлээд зогсохгүй бүх л салбарт хамтран ажиллаж хоёр улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаа талаар уламжиллаа.