Хаан банк үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Дундговь аймагт 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбайг байгуулж, тус талбайг энэ сарын 25-ны өдөр аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Тус талбай нь олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг онцгойлон анхаарсан бөгөөд нийт 68 сая төгрөгийн өртөг бүхий аж. Энэхүү сагсан бөмбөгийн талбайн ашиглалт, хамгаалалтыг Мандал сургуульд хариуцуулжээ.
Талбайн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Хаан банкны Дундговь салбарын захирал Д.Ганмягмар, Биеийн тамир спортын газрын дарга А.Отгонбаатар, Мандал сургуулийн захирал М.Энхбаяр нар болон Хаан банкны хамт олон, Мандал сургуулийн сурагчид оролцсон юм.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр аймгийн Засаг даргын үндсэн чиглэл, 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжихээр тусгагдсан байгаа бөгөөд тус бүтээн байгуулалт нь залуусын биеийн тамирыг дэмжих томоохон дэмжлэг болж буйг онцлоод Хаанд банкны хамт олонд талархал илэрхийлэв.
Түүнчлэн нээлтийн ажиллагааны үеэр аймгийн сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний аварга Онцгой байдлын баг тамирчид, Хаан банкны Дундговь салбарын баг тамирчид, Мандал сургуулийн сурагчид нөхөрсөг тоглолт хийсэн байна.