Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ зохион байгуулж буй “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг өнөөдөр Дундговь аймагт зохион байгуулж, Ерөнхий боловсролын 5 сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 16 нас хүрсэн 51 сурагч иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Тус үйл ажиллагаа нь сурагчдад Монгол улсын иргэний үнэмлэхийг гардуулан өгч, түүний нууцлал, хадгалалт, хамгаалалт, хэрэглээ, хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагыг таниулах, Монгол улсын хөгжил дэвшлийн үндэс нь болсон мэдлэг боловсролтой, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр боловсролтой, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат улс эх орон, аймаг орон нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд залуучуудад сурлагын өндөр амжилт хүсэж, үнэ цэнэ, тусгаар тогтнолын талаар ярилцсан байна.
Түүнчлэн ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир ирж сурагчдад баяр хүргэн, гарын бэлэг гардуулж, Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай, У.Барсболд нар сурагчидтай чөлөөт ярилцлага хийж, сурагчдад урам зориг өгчээ.