Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд аймгийн Мал эмнэлгийн газар, Сайнцагаан, Дэрэн, Гурвансайхан сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран “Оролцоот эпидемиологи (PDS/PE)-ийн орон нутгийн хэрэгжүүлэгч нарыг бэлтгэх сургалт, судалгааг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Тус сургалтын хүрээнд тандалт судалгаагаар малын халдварт өвчнийг оролцооны аргаар илрүүлэх, тандан судлах чиглэлээр малын эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, малчдын гамшгийн даван туулах чадавхыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг хамгаалах замаар Хөдөө, аж ахуйн салбарт гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.
Сургалтад аймгийн Мал эмнэлгийн газар, зорилтот сумдын мал эмнэлгийн тасаг, нэгжийн малын эмч, мэргэжилтнүүд, Их газрын чулуу байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны байцаагч гэсэн бүрэлдэхүүнтэй нийт 11 оролцогчийг хамруулж, Сайнцагаан сумын 179 малчныг Оролцоот эпидемиологийн тандалт судалгаанд хамруулжээ.
Цаашид Дэрэн, Гурвансайхан суманд тандалт судалгааны ажил үргэлжлэх аж. Сургалтыг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Гамшигт тэсвэртэй орон нутаг төслийн Оролцоот эпидемиологийн Зөвлөх, сургагч багш Б.Энхтуяа удирдан чиглүүлж байна.