Өнөөдөр “Бэрх биш - ээлтэй” уриан дор тэмдэглэж буй Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Тус өдрийн хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва нар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас харааны бэрхшээлтэй 7 иргэнд тусгай хэрэгслийн багцыг олголоо.
Манай аймгийн хувьд 1550 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 0-16 насны 216 хүүхэд, харааны бэрхшээлтэй 163 иргэн бүртгэлтэй байдаг аж. Дундговь аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга баригдаж байгаа бөгөөд аймаг орон нутгийн зүгээс ажиллах боловсон хүчнийг бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Тус төв ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, орон нутагтаа сэргээн засалтын чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэнэ.