Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Дэлхийн банк, Монголын тариаланчдын Үндэсний холбоо, “Говийн шимт ургац” ТББ хамтран энэ сарын 4-ний өдөр “Хүнсний нарийн ногооны өртгийн сүлжээ” судалгааны дүгнэлтэд үндэслэн тариалалтыг нэмэгдүүлэн, орон нутгийн зах зээлийг хангах оновчтой шийдэл, стратегийг талуудын оролцоотойгоор тодорхойлох зорилго бүхий “Хамтдаа шийдье” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцож, цаашдаа аймаг орон нутгийн зүгээс өрхийн үйлдвэрлэл, хоршооллын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төлөөлөл 20 ажилтан, хүнсний ногоо тариалдаг 70 иргэн, дэмжигч байгууллагаас 30 иргэн нийт 120 хүн оролцжээ.
Тус хэлэлцүүлэгт оролцсон тариаланчид худаг ус, усалгааны системийг сайжруулах, газар хагалах, тариалалт хийх, хөрс бордоо зэрэг хүнд хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, хэрэгсэл шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн “Хамтдаа шийдье” хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэрэгжүүлэх талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашид тариаланчид орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.