Дундговь аймгийн хэмжээнд “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг санаачлан 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус хөтөлбөрийн үр дүн ба төлөвлөлтийн үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагааны үеэр Лектор Г.Бандицэрэн /Чила/, Монголын хүний нөөцийн институтийн ерөнхий захирал Д.Бартанбаатар нар урилгаар оролцож, хувь хүний болон хүний нөөцийн талаар илтгэл тавьсан юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрт тасралтгүй бэлтгэж, одоогоор 64,9 хувьтай байгаа боловсон хүчний хангалтыг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэн, мэргэшсэн, шударга, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй төрийн албыг бий болгохоор зорилт тавин хэрэгжүүлж байна.
Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат болон сум, байгууллагын удирдлагууд, тэтгэлэгт хөтөлбөрт оролцож буй оюутан залуус оролцов.