Өнөөдөр буюу 12 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан болж сум, агентлагийн удирдлагууд цахимаар болон танхимаар оролцлоо.
Хуралд Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар оролцон өнгөрсөн 14 хоногийн хугацаанд сум, байгууллагуудаас хэрэгжүүлсэн онцлох ажлын мэдээлэл, жендэрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, бодлого төлөвлөлтөндөө тусган хэрэгжүүлэх зөвлөмж болон Төрийн албаны салбар зөвлөлийн мэдээллийг сонсч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Аймгийн Засаг даргын зүгээс малын хяналтын тооллогоор Эрдэнэдалай суманд ажиллаад ирсэн бөгөөд сум, багийн Засаг дарга нар малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, малчдыг дархлаажуулалтын 3-р тунд хамруулах ажлыг эрчимжүүлж дархлаажуулалтын эерэг нөлөө, үр дүнг сурталчилан таниулахад санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг анхааруулсан юм.
Шинэ жил болон бусад нийтийг хамарсан арга хэмжээнд оролцогчдыг 3-р тунд хамрагдсан эсэхэд хяналт тавих, хамрагдаагүй тохиолдолд түргэвчилсэн шинжилгээг газар дээр нь үнэтэй авч, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Мөн Төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт шалгалтаар илэрсэн томилгооны зөрчлүүдийг тогтоосон хугацаанд арилгах талаар удирдах ажилтнуудад үүрэг болгов.