Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачлагаар аймаг, орон нутгийн удирдах албан хаагчдын удирдлагын манлайллыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Удирдлагын багийн манлайлал ба хамтын ажиллагаа” сэдэвт хоёр өдрийн сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Канадын MERIT төсөл, Ардчилал, шинэ бодлогын төвтэй хамтран энэ сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Өнөөдрийн сургалтыг Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг, Удирдлагын академийн Зөвлөх үйлчилгээний төвийн эрхлэгч П.Бямбасүрэн нар хамтран ажиллах арга барил, байгууллага доторх эерэг хандлагыг хэрхэн бүрдүүлэх, төлөвлөлтийг хэрхэн үр дүнтэй хийх болон баг доторх би хэн бэ буюу өөрийгөө тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд онол, дадлага ажлыг хослуулан зохион байгуулсан юм. Энэ үеэр сургалтад оролцогчид багт хуваагдаж, хувийн чадвар, цагийн менежментийг тодорхойлох сорилд оролцон, өөрсдийн давуу болон сул тал дээрээ дүгнэлт хийж, цаашид удирдлагын түвшинд хэрхэн үр бүтээлтэй ажиллах талаар суралцжээ.
Сургалтын хаалтын ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сургалтыг зохион байгуулсан багш нар болон албан хаагчдад талархал илэрхийлээд, оролцогчдод гэрчилгээ гардууллаа. Мөн удирдах албан тушаалтнуудыг энэхүү сургалтад хамруулснаар Дундговь аймгийн хөгжлийн төлөөх нэгэн зорилгын дор нэг баг болж ажиллах боломж илүүтэй бүрдэж байна гэдгийг онцлов.