Энэ сарын 20-ны өдөр “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасах зохицох нь бүрэлдэхүүн хэсгийн зөвлөх багийн үр дүнгийн семинар боллоо. Тус семинарт аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, холбогдох албаны хүмүүс болон төсөлд хамрагдаж буй Сайхан-овоо, Дэлгэрцогт сумдын төслийн ажилтан, хүнс, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, газрын даамлууд оролцож, төслийн нэгж зөвлөх баг 3 талт гэрээ байгуулав.
Төслийг Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа бөгөөд “Бэлчээрийн удирдлага ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” нь бүрэлдэхүүн хэсэгт Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг юм. Зөвлөх үйлчилгээний хүрээнд бэлчээрийн даацад тохируулан мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор малчдыг хамтын зохион байгуулалтад оруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна.
Түүнчлэн төслийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож мал аж ахуй эрхлэх дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2019-2021 онд Дундговь аймгийн 3 суманд өвс тэжээлийн агуулах саравч, өвс тэжээлийн агуулах засварлах, гүн өрмийн худаг, үлийн цагаан оготнотой тэмцэх багаж хэрэгсэл, малчдын мэдээллийн төв тохижуулах, малчдын бүлгийн бэлчээр ашиглалтын 3 жилийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэжээ.