Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1.2-т тусгагдсан Спортын холбоод болон спорт хамтлагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр, Монголын Хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар, Дундговь аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн А.Эрдэнэцог нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд орон нутагтаа хөл бөмбөгийн спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, дасгалжуулагч, шүүгч бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Мөн санамж бичигт 2022 оны 3-р сарын 1-ний өдрөөс өмнө хөл бөмбөгийн холбооны хурлыг зохион байгуулж, бүтцийг шинэчлэхээр тусгасан байна. Ингэснээр Дундговь аймгийн хөл бөмбөгийн холбоог Монголын хөл бөмбөгийн холбооны гишүүн байгууллага болгох, шинэ түвшинд хүргэх боломж бүрдэх юм. Түүнчлэн цаашдаа хөл бөмбөгийн стандарт талбайтай болох талаар санал солилцов.
Энэ үеэр Г.Ганчулуун эзэнтэй “Мандалговь” хөл бөмбөгийн клуб үйл ажиллагаагаа танилцуулж, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, хөлбөмбөгийн спортын мастер Ш.Балжинням сэтгэгдлээ хуваалцан, өөрийн номын дээжээс гардууллаа.