Энэ сарын 7-ны өдөр Дундговь аймгийн удирдлагууд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү гэрээг үзэглэснээр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг мэргэшүүлэх, дурангийн болон элэгний хагалгааг аймаг орон нутагтаа хийх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашлаад ард иргэдийнхээ эрүүл мэндэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болсон юм.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь 2019 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй, Эрүүл мэндийг дэмжих төв, Үйлчлүүлэгчийг дэмжих төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус амбулаторийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар бүрэн авах боломжтой аж.