Айлчлан ирж буй XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга саальчин”-аар тодорсон Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Т.Дуламд шагналыг гардууллаа.
Тавхай овогтой Дулам нь 1960 онд Гурвансайхан суманд төрсөн. “Давших зам” нэгдэлд 1974 онд илгээлтээр мал маллаж ажил амьдралынхаа гарааг эхэлжээ. Тэрээр 1978 оноос хойш тасралтгүй мал аж ахуй эрхлэн тогтвортой, идэвхтэй ажиллаж байгаа бүтээлч, хөдөлмөрч тэргүүний малчин саальчин эмэгтэй юм.
Т.Дулам нь малын нутаг бэлчээрээ сонгон тохируулж, отор нүүдлийг оновчтой хийн, малын удам угшил үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх,мал сүргээ өсгөн үржүүлж, орон нутагтаа ажил төрлөөрөө манлайлж ахан дүүс, нутаг нугынхандаа үлгэрлэн яваа 1000-т малчны гэргий саальчин юм. Нутаглаж байгаа өөрийн газрынхаа бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг хувиартай ашиглан өвөлжөө хаваржааны газартаа сэлгэн бэлчээр хамгаалах аргыг тогтмол хэрэглэж заншсан.
2010 оноос эхлэн өрхийн үйлдвэрлэлээр бэлтгэсэн сүү,сүүн бүтээгдэхүүнээ орон нутгийн зах зээлд чанар ариун цэврийн шаардлагад нийцүүлж хэрэглэгчийн хэрэгцээг ханган,сумын брэнд бүтээгдэхүүн болгон улмаар “Дундговь түншлэл” үзэсгэлэн худалдаанд жил бүр тасралтгүй оролцож өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон байна.