Айлчлан ирж буй XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга малчин”-аар тодорсон Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн малчин Ц.Мөнхбаяр, гэргий Н.Отгонжаргал нарт шагналыг гардууллаа.
Цэгмид овогтой Мөнхбаяр нь 1977 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. Тэрээр 1993 онд 8-р ангиа төгсөн мал аж ахуй үйлдвэрлэл дээр гарч тасралтгүй 27 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж яваа малчдын төлөөлөл билээ.
Ц.Мөнхбаяр мал сүргийн сүүлийн гурван жилээр нь авч үзвэл 2019 онд 1652 толгой мал, 2020 онд 1681 толгой мал, 2021 онд 1688 толгой мал тоолуулсан төдийгүй малынхаа таваарлаг байдлыг ихээхэн анхаардаг. Тэрээр малчин өрхөд 300 толгой бог мал өгч, хашаа хороо тохижуулах зэрэг бусад ажилд 4-5 хүний түр ажлын байраар ханган ажиллуулсан байна. Мөн өөрийн багийн малчин өрхийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг 4 жилийн хугацаанд хариуцан дээд боловсрол эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.
Ц.Мөнхбаярын гэр бүл мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж 2013 онд “Сумын сайн малчин”, 2017 онд “Аймгийн аварга малчин” өрхөөр шалгарсан байна.