Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2021 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч, амжилттай суралцсан сурагчдад 1,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийг үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилд амжилттай суралцаж, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн төгсөгч Цэцэгбаярын Сэвжиджалмаа, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн төгсөгч Батбуянгийн Одончимэг нарт өргөмжлөл, 1,000,000 төгрөгийг гардууллаа.
Ц.Сэвжиджалмаа, Б.Одончимэг нар Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн нэгдүгээр курст суралцаж байгаа юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд, “Чадварлаг боловсон хүчин болж, төрөлх нутагтаа ирж ажиллан, нутаг орныхоо хөгжилд гар бие оролцохыг хүсье” хэмээв.