Дундговь аймагт хэрэгжиж буй “Тэмээ өсгөхөд дэмжлэг үзүүлэх”, “Залуу малчдыг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, тэмээтэй холбоотой зан үйлийг сурталчлах, малчдын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлгэрхангай сумын Засаг даргын Тамгын газар, Дэлгэрхангай сумын Тэмээчдийн холбоо хамтран энэ сарын 17-нд Дэлгэрхангай суманд “Тэмээний баяр-2022” үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Тэмээний баяр-2022”-ын хүрээнд Атан тэмээний уралдаанд 35 тэмээ, тайлаг тэмээний уралдаанд 16 тэмээ, тормон тэмээний уралдаанд 28 тором уралджээ. Мөн сайхан хос, сайхан буур, сайхан ингэ шалгаруулах болон буйл зорох, бурантаг томох тэмцээнүүдийг зохион байгуулж, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд, Өлзийт сумд, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Цогт-Овоо сумдын тэмээчид оролцсон юм.
Өнгөрөгч онд Дундговь аймгийн малчид мал сүргээ 3,2 шахамтоо толгойд хүргэн өсгөж, түүний дотор тэмээн сүргээ 39 мянга гаруй тоо толгойд хүргэсэн аж. Цаашид тэмээн сүргийг өсгөх, үржүүлэх, тэмээний өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор тус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах бөгөөд ирэх жилийн “Тэмээний баяр”-ыг Хулд суманд зохион байгуулахаар болж шилжин явах цомыг гардуулав.