Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын өргөөнд, Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар гуравдугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Дундговь аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг мөн оролцсон юм.
Элчин сайд Х.Кобаяши энэ удаа хэрэгжүүлэх төсөл нь өнгөрсөн оны хавар Дундговь аймгийг дайрсан хүчтэй салхины улмаас үүссэн хохирлыг арилгахад дэмжлэг болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Япон улсын Засгийн газрын уг хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл тус аймгийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд болон энэ удаагийн төслөөр тус сургуулийн 1531 сурагч, 109 багш, ажилтан уг төслийн үр дүнг шууд хүртэж, улмаар тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нөхцөл сайжирч байгаад Японы ард түмэн болон Япон улсын Засгийн газарт талархсанаа илэрхийлсэн байна.