Хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ашгийн бус төслийн тухай ойлголт, төслийн удирдлагын нэгдсэн заавар ISO 21500 стандарт болон төсөл боловсруулах, санхүүжилт олж авах мэдлэгийг төрийн албан хаагчдад олгох зорилгоор “Ашгийн бус төсөл боловсруулах онол, арга зүй” сэдэвт сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтад 15 сумын мэргэжилтнүүд болон Сайнцагаан сумын боловсролын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Сургалтын эхэнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат сум бүр тухайн орон нутаг, иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор нэгээс доошгүй төсөл бичих, түүнийг хэрэгжүүлэх, санхүүжилт олж авах тал дээр аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, олон улсын байгууллага, Элчин сайдын яамны дэргэдэх төслийн байгууллагууд, гадаад хамтын ажиллагаатай орнуудад хандан, санхүүжилтээ шийдвэрлүүлэх тал дээр онцгой анхаарна гэдгийг онцоллоо.
Тус сургалтыг Технож Бизнес Инкубатор Төвийн захирал, төслийн зөвлөх Г.Галаарийдий, Удирдлагын академийн ахлах багш Ч.Баатар нар удирдан явуулж байгаа бөгөөд танхимаар төсөл бичих арга зүйн мэдлэг өгөхөөс гадна 30 хоногийн хугацаанд цахимаар сургалтад оролцогчдод зөвлөмж өгч, төслийг бэлтгэх үе шатанд бүхэлд нь тус байгууллага хамтран ажиллаж байгаагаараа онцлог аж.