Өнөөдөр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гэрээний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах талаар сумдын удирдлагуудад чиглэл өгч, “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд идэвх санаачилга гаргах, Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын Тамгын газраас чиглэл болгосон ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах, аймгийн түүхт 80 жилийн хүрээнд орон нутгийн хөгжлийн төлөө санаачилгатай, бүтээлчээр хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Гэрээ байгуулах үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулан, хяналт шинжилгээ, үнэлгээний мөрөөр сумдад нийтлэг хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн юм.
Мөн сумдын Онцгой комисс болон гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсөв, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулгыг холбогдох албан тушаалтнууд сумдын удирдлагуудад танилцуулсан байна.
Түүнчлэн энэ үеэр Дундговь аймаг дахь Политехникийн коллеж, Мандал хотхоны талаа танилцуулга, мэдээлэл хийв.