Хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ашгийн бус төслийн тухай ойлголт, төслийн удирдлагын нэгдсэн заавар ISO 21500 стандарт болон төсөл боловсруулах, санхүүжилт олж авах мэдлэгийг төрийн албан хаагчдад олгох зорилгоор “Ашгийн бус төсөл боловсруулах онол, арга зүй” сэдэвт сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна.
Тус сургалт энэ сарын 3, 4-ний өдрүүдэд хоёр удаа болох бөгөөд сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 24 агентлаг, 15 сумын холбогдох мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат оролцож энэ жилийн хувьд төрийн бүх шатны байгууллага, сумд тухайн салбарын болон иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор нэгээс доошгүй төсөл бичих, түүнийг хэрэгжүүлэх, санхүүжилт олж авах тал дээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, олон улсын байгууллага, Элчин сайдын яамны дэргэдэх төслийн байгууллагууд, гадаад хамтын ажиллагаатай орнуудад хандаж санхүүжилтээ шийдвэрлүүлэх тал дээр онцгой анхаарна гэдгийг онцоллоо. Мөн сургалтыг удирдан явуулж буй Технож Бизнес Инкубатор Төвийн захирал, төслийн зөвлөх Г.Галаарийдий, Удирдлагын академийн ахлах багш Ч.Баатар нарт талархал илэрхийлэв.
Сургалт танхимаар төсөл бичих арга зүйн мэдлэг өгөхөөс гадна 30 хоногийн хугацаанд цахимаар сургалтад оролцогчдод зөвлөмж өгч, төслийг бэлтгэх үе шатанд бүхэлд нь тус байгууллага хамтран ажиллаж байгаагаараа онцлог аж.