Хүнс хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Зах зээл бэлчээрийн удирдлага төсөл, орон нутгийн хөгжлийн сангийн 400 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр тус төвийг барьж ашиглалтад хүлээлгэн өгснөөр ийнхүү нээлтийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 06-нд хийлээ.
Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ Дундговь аймгийн баялаг бүтээгчид болох жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, идэвхжүүлэх, сурталчлах, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг шимтгэлгүйгээр борлуулах боломжийг олгож байгаа бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхааран жуулчдад зориулсан онцлог бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгийг онцоллоо.
Тус төвийн нээлтэд 7 сумын 55 өрхийн арьсан урлал, ноос ноолуур, сүү, цагаан идээ, модон болон төмөр хийц, уран зураг, хатгамал зэрэг 10 гаруй нэр төрлийн зуу гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үзэсгэлэнд тавигдаж, үйл ажиллагаагаа сурталчлан гурван сая гаруй төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.