Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат амралтын өдрүүдэд тахианы аж ахуй, өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус тахианы аж ахуйг Жаргалант сор ХХК-ны захирал Ж.Рэнцэндагва 400 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалттайгаар шинээр байгуулан ажиллаж байна.
6000 гаруй дэгдээхэйг бойжуулан одоогоор 120 гаруй хоногтой тахианууд нь өндөглөхөд бэлэн болж байгаа бөгөөд тус аж ахуй жигдрээд эхэлвэл хоногт 5000 гаруй өндөг нийлүүлж аймгийнхаа өндөгний хэрэгцээг бүрэн хангах боломжтой талаар аж ахуй эрхлэгч ярьлаа.
Өвлийн хүлэмжийг түрээслэгчид өнгөрсөн жил 5 дугаар сарын 20-ны үед үрсэлгээгээ суулгаж байсан бол өнөө жил тариалалтаа эрт эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган 2 дугаар сарын 25 -наас үрсэлгээгээ суулган тариалалтаа эхлүүлж байгаа талаар ярьсан юм.
Энэ жил өргөст хэмх, амтат чинжүү, хулуу зэрэг нарийн ногоонууд тариалах тухай түрээслэгч дурдаад өнгөрсөн жил ургац жигдэрсэн үед өдөрт 200 кг өргөст хэмх авч байсан нь аймгийнхаа нарийн ногооны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй бусад зах зээлд нийлүүлэх боломжтой талаар ярьж байлаа.
Олон жил ашиглагдахгүй байсан өвлийн хүлэмжийг 2021 оноос түрээслэгчидтэй гэрээ байгуулан ажиллуулж, үйл ажиллагаа нь эхэлснээр ийнхүү үр дүнгээ өгч байгаа нь сайн зүйл боллоо гэдгийг тодотгоод аймгийнхаа иргэдэд шинэ, эрүүл нарийн ногоо нийлүүлж байгаад талархал илэрхийлэн цаашид улам хичээж олон төрлийн ногоо тариалах боломжыг судлан шинэ, эрүүл нарийн ногоог ард иргэддээ нийлүүлэхийг Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ онцоллоо.
Аймгийн Засаг даргын зүгээс аймгийнхаа иргэдэд эрүүл, шинэ хүнс нийлүүлэхээр ажиллаж байгаа дээрх бизнес эрхлэгчдэд амжилт хүсээд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.