Өнөөдөр аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан болж газар, хэлтэс, агентлагууд болон төрийн албаны салбар зөвлөл, сумдын 14 хоногийн онцлох ажлын мэдээлэлтэй танилцлаа.
Аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, байгууллага, аж ахуй нэгжээс гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй нийт 85 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж байгааг Хууль эрхзүйн хэлтсээс мэдээлсэн бол Төрийн албаны салбар зөвлөлөөс 14 хоногийн хугацаанд хийгдсэн ажлуудын талаар болон хүний нөөцийн системийн цахимжилт, шилжүүлэн сэлгүүлж ажиллах журам, ярилцлагын шалгалтын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Доржбат өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан “Ашгийн бус төсөл бичих” арга зүйн сургалтад сум, агентлагийн 60 албан хаагчид хамрагдсан бөгөөд цаашид төсөл хэрхэн бичих, мөн олон улсын байгууллагуудад хэрхэн хандах талаар цахим орчинд бүлэг үүсгэн мэдээллүүдээ солилцон 1 сарын хугацаанд байгууллагынхаа онцлог, чиг үүрэгт тохирсон ашгийн бус төсөл бичих ажил явагдаж эхэлсэн тул байгууллагын удирдлагууд дэмжиж хамтран ажиллах мөн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөв бүрдүүлэх боломжийг бий болгоход манлайлал үзүүлж ажиллахыг чиглэл болгов.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас багийн Засаг дарга нарыг цахим системд шилжүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдээс гарсан санал, өргөдөл гомдлыг шууд хуваарилдаг системийг бий болгох чиглэлээр мөн хүлэмжийн аж ахуйг бий болгож, хөгжүүлэхэд чиглэгдсэн 2 төслийг бичихээр боловсруулж байгаа аж.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ковидын нөхцөл байдал, вакцинжуулалт болон томуу, томуу төст өвчлөлийн талаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгсөөс тодруулж, ковидын халдвар устаагүй, дэлхий дээр өөр хувилбарууд бүртгэгдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх, томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй уялдаа холбоотой ажиллах чиглэл өглөө.
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ковидын 15 тохиолдол бүртгэгдсэн нь 10.000 хүнд ногдох өвчлөл 3,2 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд аймгийн хэмжээнд PCR шинжилгээнд 281 хүн хамрагдсанаас 5 эерэг тохиолдол, түргэвчилсэн шижилгээнд 261 хүн хамрагдсанаас 10 эерэг тохиолдол бүртгэгдсэн нь 10.000 хүнд ногдох халдварын тохиолдол 2,7 хувь болж буурснаар манай аймгийн хувьд ковидын тархалтын түвшин бага түвшин рүү орж Эрүүл мэндийн сайдын тушаалаар гэрээр олгодог багц болон нэмэлтээр дэлгэсэн орыг буулгаснаар өрх, суманд хэрэгжиж байсан гэрийн эмчилгээний багц эрүүл мэндийн даатгалаас санхүүжигдэхгүй болсныг мэдээллээ.
Ковидын дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарсан судалгаагаар манай аймгийн хувьд вакцинжуулалтын хамрагдалт 44.8 хувьтай байгаа нь улс, аймгийн дунджаас бага үзүүлэлттэй байгааг дурдлаа.
Тэрээр томуугийн өвчлөл улсын хэмжээнд бусад аймгийн адил идэвхжлийн шатандаа явж байгаа ба 0-5 насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж, хуучин амбулторт хүүхэд хүлээн авч хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд сүүлийн 5 хоногийн мэдээгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт 76 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгааг мэдээллээ.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар олон нийтийн болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглохгүй гэсэн шийдвэрийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газраас томуугийн өвчлөлөөс шалтгаалж цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах санал гаргаагүй байгааг хэлсэн юм.
Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Гуяаны төгөл дэх мод усалгааны 2 худгийг эвдлэн сүйтгэсэн мэдээлэл байгаа бөгөөд хэргийн мөрөөр яаралтай арга хэмжээ авч эргэн танилцуулахыг аймгийн Цагдаагийн газарт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэлд явж буй нүүрс тээврийн улсын чанартай авто замд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг энэ 7 хоногт газар дээр нь очиж ажиллан хяналт, шалгалт хийхийг АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очирт тус тус үүрэг болголоо.