Мэдээ, мэдээлэл

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО БА МАНЛАЙЛАЛ” УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярыг тохиолдуулан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал” сэдэвт уулзалт арга хэмжээг малчид, төрийн албан хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг нийгмийн бүхий л салбарын төлөөллөөс бүрдсэн 300 орчим эрэгтэйчүүдийг оролцуулан орон нутгийн хөгжлийн төлөө санал солилцох, тэдний саналыг цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилготойгоор зохион байгуулав.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархан, Монгол орны сүр хүч, Монгол цэргийн сүр жавхаа, Монгол гэр бүлийн ноён нуруу, түших багана болсон эрхэм хүндэт аавууд, эрэгтэйчүүддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн, аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, иргэдийг сонсож ажиллах тухайд ажлынхаа гол зарчим болгож байгааг онцолсон юм.


Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат “Орон нутгийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж, аймгийн удирдлагуудын зүгээс орон нутгийн хөгжилд нэн тэргүүнд тавигдах “Хүний хөгжлийг дэмжих”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх”, “Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ханган нийлүүлэгч аймаг болох” зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байгааг онцлон хэлээд, эрэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, улмаар аймаг орон нутгийн хөгжил дэвшилд эрэгтэйчүүд манлайлан оролцох цаг үе гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.


Уулзалтад оролцогчдын зүгээс иргэдээ нээлттэй сонсож, санал солилцож байгаад талархал илэрхийлээд, хүн рүүгээ чиглэсэн бодлого, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг сайшаан орон нутгийн хөгжилд иргэн бүр санаачлагатай оролцох, бүтээн байгуулалтыг хайрлан хамгаалах, өрх бүр тариаланч болохыг уриалсан юм.


Мөн уулзалтад оролцогчид төрөөс иргэдээ бодлогоор дэмжин ажиллах, хямд түрээстэй ажлын байр бий болгох, орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр барьж байгуулах, нийтийн амрах болон хүүхдийн тоглоомын талбай бий болгох, төрийн албаны шинэтгэл боловсролын салбарт хэрхэн нөлөөлж буй талаар, орон нутагт спортын клубуудыг хөгжүүлэх, хогны асуудлыг шийдвэрлэхэд боловсруулах жижиг үйлдвэрлэлүүдийг бий болгох, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, оюутан, залуучуудын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх мөн Дэлгэрхангай сумын тарагтын орд, Баянжаргалан сумын жоншны тээвэрт орон нутгийн тээвэрлэгчдийг оруулах боломжийг бүрдүүлэх зэрэг санал, хүсэлтүүд гаргасныг аймгийн удирдлагуудын зүгээс дээрх асуудлуудад хэрхэн арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, цаашдын бодлого төлөвлөлтөд тусган ажиллах талаар санал солилцлоо.


Тус уулзалтын үеэр улс, орон нутгийнхаа хөгжил, дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, 11 хүнийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнан урамшуулж, төгсгөлд нь ТХДЖТ-ын уран бүтээлчдийн энэхүү уулзалтын оролцогчдод зориулан бэлтгэсэн “Эх орныхоо төлөө зүтгэе” уран бүтээлийн тоглолтыг толилуулсан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа