Өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр тэр бум мод тарих үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх, цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд Дундговь аймагт “Ногоон хөгжлийн зөвлөгөөн” зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, БОАЖЯамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн доктор профессор А.Хауланбек, Монгол Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн эрдэмтэн доктор Э.Ариунболд, “Ногоон ази” ТББ-ын ахлах мэргэжилтэн Б.Хонгорзул, Монгол Улсын зөвлөх агрономич С.Тунгалаг, Монголын тариаланчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Ундрах-Од болон сумдын удирдлагууд, холбогдох албан хаагчид, иргэдийн төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцлоо.
Эрдэмтэн судлаачид, албаны хүмүүсийн зүгээс Говийн бүс нутгийн хөрсний онцлог, түүнд дасан зохицох ургамал, модны судалгаа, тэр бум модны төлөвлөлт, танилцуулга, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талар болон өнөөгийн цөлжилтийн байдал зэрэг олон талын судалгаа бүхий мэдээллийг танилцуулж, зөвлөгөөнөөс Төр хувийн хэвшлийн түншлэл, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлт, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдээр зөвлөмж, дүгнэлт гаргасан байна.
Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай тэр бум мод үндэсний хөдөлгөөнийг суманд хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.