Өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газарт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчин, бодлого төлөвлөлт, хүний нөөц, санхүүжилтийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашид анхаарах асуудал, эрүүл мэндийн даатгалын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс болон тус газрын хэлтсийн дарга нар мэдээлэл өгч харилцан санал солилцсон юм.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэхэд бүх байгууллага аж нэгж иргэд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласны дотор эрүүл мэндийн салбарынхан тэргүүн эгнээнд улаан бүс, халдварын голомтод ажиллахаас эхлээд бүхий л цэгт бусад салбараа мэргэжил аргазүйгээр ханган манлайлж, цар тахлын аюулыг даван туулахад өдөр шөнөгүй амсхийх чөлөөгүй ажиллаж , ачааны хүндийг үүрч ажилласан аймгийн эрүүл мэндийн салбарын нийт эмч сувилагч ажилтан нарт талархал илэрхийллээ.
Тэрээр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, дэмжих бодлого зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, аймгаас нэн тэргүүнд баримталж хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд төрийн албан хаагчдыг сургаж мэргэшүүлэх, гадаад дотоод сургалтад хамруулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад байр орон сууцтай болоход нь дэмжиж, сургалтын төлбөрийг төлөх гэх мэт олон талт арга хэмжээ авч ажиллахаа онцлон хэлсэн юм.
Мөн энэ онд аймгаас явуулын амбулаторийн үзлэг, сурьеэгийн илрүүлэг үзлэг зохион байгуулахад тус бүр 20 сая төгрөгийн төсөв баталсныг дурдаад цаашид иргэдийнхээ хүнсний аюүлгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хавдар, зүрх судасны өвчлөлийг бууруулах, эмнэлгүүдийн оношлогоо эмчилгээний чадавхийг сайжруулахад Засаг даргын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.