Аймгийн Засаг даргын захирамжаар энэ оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран ажилтан, албан хаагчдын хандлагаа өөрчлөх, гэр бүлийн харилцааны үнэт зүйлс, харилцааны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатарын “Тогтвортой гэр бүлийн харилцаа тогтвортой амжилтын үндэс” сэдэвт лекцийг ЗДТГазар болон ГХБХБГ-ын нийт 80 гаруй албан хаагчдад зохион байгууллаа.
Лекцийг хандлагаа өөрчлөх, мэдээлэл боловсруулах, харизм буюу бусдыг өөртөө татах урлаг, стресс менежмент гэсэн сэдвүүдийн хүрээнд явуулсан юм. Сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатар “Хандлага нь хариу үйлдэл үзүүлэх ур чадвар” гэж тодорхойлоод мэдлэг, боловсролоо амьдралдаа үйл явц болгон ашиглах, мэдээлэл, тооцоо судалгаанд хэрхэн төвлөрөх, стресс тайлах өөрт тохирсон аргыг олох нь өөрт нөлөөлж буй зүйлийг эерэг болгодог тухай мөн харилцааны хомсдол хэрхэн үүсч байдаг талаар лекц уншлаа. Нийгмийг эрүүл байх суурь үзүүлэлт нь хувь хүний хөгжил, эерэг хандлага юм.