Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд эрдэс баялагийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй зүүн бүсийн уул уурхайн салбарын хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо эхэлж байна.
Тус уулзалт хэлэлцүүлэг 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Канад улсын MERIT төсөл хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлэгт:
Засгийн газрын хэрэг эрхлэх газар
Байгал орчин аялал жуулчлалын яам
Зам тээврийн яам
Эрчим хүчний яам
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Гаалийн ерөнхий газар
Үндэсний геологийн алба
Усны газар
Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, тус аймгуудын Байгал орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, уул уурхайн компаниуд оролцож байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд эрдэс баялагийн салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашдын сорилт, боломж, шийдэл, эрдэс баялагийн салбар хоорондын уялдаа, зохицуулалт, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудал, гарц шийдэл сэдвээр холбогдох яамд, уул уурхайн компаниудын удирдлагууд илтгэл тавьж, салбарын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм.