Аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан төгсөгчдийн ирээдүйн ажил, мэргэжлийн чиглэлийг зөв сонгох, ирээдүйд амжилттай суралцахад дэмжлэг үзүүлэх, тэднийг бодит үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор Rural Outreach Program-2022 арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны газар болон Education USA Mongolia-ийн зөвлөхүүд, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооны гишүүд хамтран анх удаагаа зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Америкт төгсөгчид ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголт, өөрсдийн Америкт сурсан түүхээсээ хуваалцах төдийгүй Америкийн дээд боловсролын Монгол дахь цор ганц албан ёсны хөтөлбөр болох Education USA Mongolia-ийн зөвлөхүүд Америкт сурах боломжуудын талаар танилцуулахаар зорьж байна.
Rural Outreach Program-2022 арга хэмжээ нь аймгийн төвийн сургуулиудад үргэлжлүүлэн хоёр өдрийн турш дээрх мэдээллийг хүргэж ажиллах бөгөөд тус үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хэлсэн үгэндээ хамтран ажиллаж буй Education USA Mongolia-ийн зөвлөхүүд болон Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооны гишүүдэд талархал илэрхийлээд, цаашид дэмжин хамтран ажиллана гэдгээ онцлоод, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө гар бие оролцсон боловсон хүчин болохыг нийт сурагчиддаа хүслээ."