Дундговь аймгийн 2005 оны төгсөгчдийн санаачилгаар байгуулагдсан “Шинэ үе ногоон говь” НҮТББ-аас цөлжилтийн эсрэг “Ногоон говь” хөтөлбөрийг аймаг орон нутагтаа таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тус ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нартай уулзалт хийж, “Ногоон говь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төв зам дагуу, гүний усны судалтай 5га талбайг шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан юм.
Уулзалтын үеэр аймгийн удирдлагуудын зүгээс цөлжилтийн эсрэг “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд “8 түмэн мод” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа төдийгүй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа энэ үед чухал санал, санаачилга гаргаж буйд талархал илэрхийлэн, мод тариалах газрыг шийдвэрлэж, цаашид усны асуудалд дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд бортогонд 15,000 үрсэлгээ хийж, суулгацыг шилжүүлэн суулгах, тариалах болон цаашдын арчилгааг мөн хийх аж.