“Хүний хөгжлийг дэмжих жил”ийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөлийн” анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд 205 төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөний үр дүнд зөвлөмжийг гаргах бөгөөд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонсон, зөвлөмжид тусгахаар болж, сонирхсон асуултуудад холбогдох албаны хүмүүст хариулт өгсөн байна. Энэ үеэр бага насны хүүхэдтэй ээжийг уртасгасан цагаар ажиллуулахгүй байх заалт дээр өрх толгойлсон аавуудыг мөн нэмж оруулах, хүүхэд нь эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, ахуйн хүрээний болон өсвөр насны хүүхдүүдийн дундах архины хэрэглээний талаар болон эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих, байгууллага дээр хүүхдийн өрөөтэй болох зэрэг олон асуудлуудыг хөндөн ярилцсан юм. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг эцсийн байдлаар засварлан, батлуулж оролцогчдод хүргэх аж.
Мөн зөвлөгөөний үеэр өнгөрсөн онуудад “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарсан Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Улсын тэргүүний 14-р цэцэрлэг, “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн зөвлөлүүд сайн туршлагаасаа хуваалцан, онцлох ажлаа танилцуулсан юм.