Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах учир холбогдлыг ухааруулан таниулах зорилготой “Эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээ”-г орон даяар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид, Политехникийн коллежийн оюутан сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Сурагчдад Монгол улсын болоод Монгол цэргийн түүх, дайчин уламжлалын хүрээнд эртний Монгол цэргийн түүхээс өнөө үеийн Монгол улсын Зэвсэгт хүчний үүсэл, хөгжил, энхийг дэмжих ажиллагаан дахь Зэвсэгт хүчний оролцоо, гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар түүхэн баримттай лекцийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн штабын офицерууд уншсан юм.