Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж буй NewStory хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зөвлөлийн гишүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дундговь аймагт уулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, байгууллага аж ахуйн нэгжийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн 30 гаруй гишүүд оролцжээ.
Нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат Дундговь аймаг иргэд, гэр бүл, өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласныг онцлов.