Өнөөдөр Монголын жүдо академийн Дундговь аймаг дахь салбарын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Дундговь жүдо академи нь энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс 23 сурагчтай хичээллэж эхэлсэн бөгөөд одоогоор 65 сурагчтай хичээллэж байгаа юм.
Нээлтийн ажиллагаанд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сайнцагаан сумын Засаг дарга, Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батгэрэл, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш Ч. Насантогтох, Монголын жүдо академийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Отгонбаатар, Ахмад багш Д.Цагаанхүү, Хүндэт зочин Ө.Шижир, Монгол улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар оролцов.
Энэ үеэр Монгол жүдо академиас Дундговь дахь салбарын хамт олонд 50 ширхэг жүдогийн өмсгөлийг бэлэглэсэн байна.
Тус академи нь жүдо бөхөөр дамжуулан хүүхэд залууст бие бялдар болоод зан ёс суртахууны өв тэгш хүмүүжил, төлөвшил олгох, Дундговь нутгаас улс, тив, дэлхийн олимпын аварга төрүүлэн гаргах зорилготой аж.