Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэгч, бичиг соёлын дурсгалаа сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр "Эрдмийн далай"цогцолбор сургууль төрийн албан хаагчдын Үндэсний бичгийн мэдлэг, чадварын сорилго олимпиадыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жилийн сорилго олимпиадад сумдын болон аймгийн 180 гаруй төрийн албан хаагчид бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, бусад мэргэжлийн багш, төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгай албан хаагч гэсэн таван төрлөөр зохион байгуулсан байна.
Сорилгын төрийн захиргааны албан хаагчдын төрөлд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Мөнхзул, төрийн тусгай албан хаагчдын төрөлд Цэргийн анги Э.Номиндарь, бага ангийн багш нарын төрөлд Эрдэнэдалай сумын багш Т.Мөнхзаяа, бусад мэргэжлийн багш нарын төрөлд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн биологийн багш Д.Амартайван, цэцэрлэгийн багш нарын төрөлд Хулд сумын багш Г.Алдармаа нар тус тус тэргүүлжээ.