Орон нутгийн түвшинд хоршоодын хөгжлийг түргэсгэх, чадавхжуулах “Хоршооны хууль эрх зүйн орчны өөрчлөлт” сургалт, хоршоологчдын холбооны XIV бага хурлыг энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын Үндэсний холбооны зөвлөх, Монгол улсын гавьяат эдийн засагч Д.Батмөнх, Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга Б.Мөнхжаргал, 30 гаруй хоршоологчдын төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Тус сургалтаар аймаг орон нутгийн зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын төлөвлөлт, хамтарч ажиллах боломж, “Хоршооны тухай хуульд орсон гол өөрчлөлтүүд”, “Хоршооны тухай хууль, холбогдох журмын дагуу хоршоодыг шинэчлэн бүртгэх тухай”, “Хоршооны гишүүний болон сумын засаг даргын эрх, үүрэг, хариуцлага” ,“Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, “Хоршооны дүрмийн өөрчлөлт, улсын шилдэг хоршоо шалгаруулах журам” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өгсөн юм.