Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг, эх оронч хүмүүжил олгон, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгохын зэрэгцээ Монгол улсын Батлан хамгаалах салбар, түүний үйл ажиллагаа болон цэргийн албыг сурталчлах, Улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хангах зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа. Тэмцээнд Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургуулийн тасгууд оролцож, хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлджээ.
Тэмцээнийг Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн тусгай хамгаалалттай газрын районд зохион байгуулсан бөгөөд нийт марш, гүйлтийн тэмцээн, гарааны өмнөх ажиллагаа гэсэн хоёр үе шаттай, 14 төрлөөр зохион байгуулсан байна.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх, гүйлтийн цагийн шүүгчээр Биеийн тамир спортын газрын мэргэжилтэн С.Цолмон, гараа, барианы шүүгчээр Цэргийн штабын Олон нийттэй харилцах, сургалтын офицер, дэд хурандаа Ц.Баттулга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байгууллагуудаас дундын хянагчаар шүүгчид ажиллуулав.
Бага онооны системээр нэгдүгээр байранд Ж.Жавхлан ахлагчтай “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн тасаг, хоёрдугаар байранд Г.Галсан ахлагчтай “Цэгц билиг” сургуулийн тасаг, гуравдугаар байранд Э.Бат-Эрдэнэ ахлагчтай “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн тасгууд бусдыгаа манлайлан, шалгарчээ.