Монгол улсын шинжлэх ухааны Академийн үндэс суурь болсон судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, шашины гүн ухааны дотоод сургаалийн таван үндсийг нэвтэрхий мэдсэн их номч мэргэн гавж, нэрт соён гэгээрүүлэгч Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Алтан дэвтэр” даншүг наадам, говийн бүсийн хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 27-30-ны хооронд зохион байгуулсан бол энэ үеэр аймгийн төвд “Алтан дэвтэр” номонд зориулсан гэрэлт хөшөөг босголоо. Энэ нь монголын түүхэн дэх номонд зориулсан 2 дахь хөшөө юм. Ойн арга хэмжээний хүрээнд Дэлгэрийн Чойрын хийд дээр олон улсын эрдэм шинжилгээний хурал “Алтан дэвтэр” номын хурим болсон нь ойн нэгэн онцлог байлаа. Мөн хийд дээр “Соёмбот ордон” хэмээн нэрлэгдсэн чулуун сүмийн нээлтийг хийсэн. Энэхүү сүм нь дэлхийд гайхагдах дахин давтагдашгүй соёлын томоохон бүтээл болсныг Дундговь аймгийн 2017 оны онцлох 10 үйл явдлын нэгээр тодрууллаа.