Нэгдсэн Үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн сангийн санхүүжилттэй, “Малчдын Нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөр (2020-2022)-ийн хүрээнд “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэхэд төр, нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаа” говийн бүсийн зөвлөлдөх уулзалт 05 дугаар сарын 28-ны өдөр Мандалговь хотноо зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв зэрэг аймгуудын 30 орчим төлөөлөл оролцсон байна.
Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж НҮБ-ийн ХААБ-ын санхүүжилттэй “Малчдын Нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн менежер Д.Лхам, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар үг хэллээ.
Энэхүү зөвлөлдөх уузлалтаар Монгол улсын аймаг, сум бүрт төлөөлөл салбар бүхий, мөн малчдад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг төр, нийгмийн 6 түнш байгууллага болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбооны салбар, Хөдөө ахуйн хоршоологчдын холбоо, Бэлчээр ашиглагчдын холбоодын төлөөлөл нэгэн дор цугларч малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд чадавхижуулах чиглэлээр боловсруулагдаад буй 22 агуулгыг аймаг, сумдад хэрхэн баг болж ажиллах талаарх арга зүй, төлөвлөгөө, загвараа хэлэлцэж ярилцсан байна.