Өнөөдөр Дундговь аймгаас төрөн гарсан анхны ерөнхий сайд Ж. Наранцацралт агсны хөшөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч М. Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Батжаргал, Сайнцагаан сумын удирдлагууд болон төрөл төрөгсөд, журмын нөхөд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Жанлавын Наранцацралт нь 1957 оны зургаадугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1975 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд ОХУ-ын Москва хотын Газар зохион байгуулалтын их сургуулийг төгсөж, газар зохион байгуулагч-инженерийн мэргэжил эзэмшсэн байна.
Тэрээр 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд Байгаль орчны яамны газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1996 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.