2022 оны Хөдөө, аж ахуйн ээлжит тооллого орон даяар зэрэг явагдах ба 06 сарын 15-28-ны хооронд Дундговь аймагт зохион байгуулагдана. Статистикийн хэлтсээс тооллогод ажиллах шалгагч, тоологчийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтыг нээж аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тооллогын зорилго, ач холбогдол болон шалгагч, тоологч нарыг хариуцлагатай ажиллах талаар онцлон анхааруулж амжилт хүслээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Р.Булгантамир, ҮСХ-ны ЭЗСГ-ын Статистикч Х.Тэмүүлэн, МТГ-ын программист Э.Энэбиш нар урилгаар оролцож сумдын 15 шалгагч, 28 тоологч хамрагдлаа. Энэхүү тооллогын зорилго нь Олон улсын түвшинд ХАА-н үйлдвэрлэл, бүтцийн талаарх бүхий л харьцуулагдахуйц тоон мэдээлэл шинэчлэгдэн гарах бөгөөд Монгол улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүд, Тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилтуудын шалгуур үзүүлэлтийн мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, өмнөх 10 жилийн дүнтэй харьцуулан гарсан өөрчлөлтийг дүгнэж, тооллогын үр дүнд суурилсан төр засгийн бодлого шийдвэрийг гаргах юм.
ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Мал аж ахуйн бодлого, чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярьсан бол Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа тооллогын хууль эрх зүй, зохион байгуулалт, тоологч, шалгагчийн үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл хийлээ.