Дундговь аймгийн удирдлагууд Япон улсын Эхиме мужийн Сейёо хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны талаар санал солилцох цахим уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой тохиож байгааг онцлоод Сейёо хоттой орон нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх хэд хэдэн саналыг уламжиллаа.
Тухайлбал:
- Монгол, Япон хоёр улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд Дундговь аймгаас Сейёо хотод хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн импортлох
- Сейёо хотын үйлдвэрлэлийн дэвшилтэт техник технологийн талаар туршлага судлан Дундговь аймгийн үйлдвэрүүдэд инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг Сейёо хотод туршлага судлуулах арга хэмжээг зохион байгуулах
- Хоёр талын соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цөлжилтийг бууруулан ногоон орчныг бий болгох, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлсэн юм.
Сейёо хотын дарга Казуо Канке хэлсэн үгэндээ Дундговь аймаг болон Сейёо хот хүн ам, хөдөө аж ахуйн салбарын хувьд ижил төстэй байдал их байдгийг дурдаад Дундговь аймгийн санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.