Аймгийн Засаг даргын “Урамшууллын жишиг тогтоох журам”-ын дагуу энэ оны эхний хагас жилд улс орны хэмжээнд зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, эхний гурван байранд шалгарсан ардын авьяастан, баг тамирчид, багш дасгалжуулагч нийт 54 хүнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10.485.000 төгрөгийн урамшууллыг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой болон 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан жилийн ажлын хүрээнд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Жүдо, Бадминтон, Таеквондо, Шатар, Волейбол зэрэг спортын 5 төрлөөр, бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Сумо, Сагсан бөмбөг гэсэн спортын 2 төрлөөр аймаг орон нутагтаа зохион байгуулсан онцлог жил болж байгааг тэмдэглэн хэллээ.
Энэ нь хөдөө орон нутагт спортыг олон төрлөөр нь хөгжүүлэх, тамирчид, багш дасгалжуулагчдыг чадавхжуулах, спорт сонирхогч, спортоор хичээллэгчдийг нэмэгдүүлэхэд үр нөлөөгөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн 2022 оны хагас жилийн байдлаар Улсын аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид спортын 4 төрөлд алтан медаль-5, мөнгөн медаль-8, хүрэл медаль-13 нийт 47 медаль хүртсэн байна.