Өнөөдөр Улсын онцгой комиссоос цахим хурал хийж Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймгийн өвөлжилтийн байдал, Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундага, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал нар Баянжаргалан, Цагаандэлгэр,Говь-Угтаал суманд гарсан Шүлхий өвчний нөхцөл байдлыг танилцууллаа. Одоогоор тус гурван суманд Шүлхийн 4 голомт үүсээд байгаа бөгөөд голомтонд 18 пост 75 хүн ажиллаж байна. Өвөлжилт болон Шүлхийн тархац өнөөгийн нөхцөл байдал хийгээд хариу авч буй арга хэмжээг танилцуулсны дараа хуралд оролцсон аймгийн онцгой комиссын гишүүд болон онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнийн зүгээс шүлхийн голомтонд зээрийн хөдөлгөөн их байгааг онцлоод өвчилсөн илэрхий шинж тэмдэгтэй зээрийг устгах, шүлхийн вакцин хангалт хийх, шүлхийтэй тэмцэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгааг уламжиллаа. Улсын онцгой комисс болон аймгийн удирдлагууд ярилцан маргааш аймгийн онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундага нар Улсын онцгой комиссод сонсгол мэдээлэл хийхээр боллоо.