Дундговь аймаг, MERIT төслийн хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хэлэлцээрийг сайжруулах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор гадны улсаас хоёр зөвлөхийг урьж ирүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд хамтран ажиллахаар Канад улсын зөвлөх Маартин Инген Хаус Дундговь аймагт хүрэлцэн ирж Засаг даргын орлогч М.Анхбаяр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, MERIT төслийн аймаг дахь төслийн ажилтан Ө.Удвал, ХБТХОХ-ийн байгаль орчин, аялал жуулчлал, эрдэс баялаг, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн М.Ганчимэг нартай уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Зөвлөх Маартин Инген Хаус нь Канад улсад хамтын ажиллагааны гэрээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд 2017 онд Дорнод аймгийн орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг сайжруулахад зөвлөн ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймагт ажиллаж орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахад оролцдог албан хаагчдад сургалт, зөвлөгөө хүргэн ажиллах юм.
Энэхүү үйл ажиллагааг MERIT төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд MERIT төсөл нь төсөл хэрэгждэг аймгуудын уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй байгуулдаг “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ”-г сайжруулах, уул уурхайн үйл ажиллагаанаас орон нутгийн иргэдийн хүртэх үр шимийг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг. Уг ажлын хүрээнд орон нутаг, аж ахуй нэгжийн хамтран ажиллах гэрээний үр дүнг нэмэгдүүлэх, гэрээний хэлэлцээр хийх, гэрээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх сэдвээр чадавх бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.