2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон холбогдох газар хэлтсийн дарга, сумдын удирдлагууд отор нүүдэл, малын өвчний талаарх мэдээлэл солилцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Өмнөговь аймгийн хэмжээнд ихэнх нутаг гандуу байгаа тул өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймээс олон жилийн туршид ээлжилж бие биедээ харилцан оторлож явдаг хөрш зэргэлдээ аймгийн хувьд отор нүүдэлтэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар санамж бичгийг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд оторлох бүс нутгуудыг сумдын Засаг дарга нартай харилцан тохирох, отроор яваа малчид, өндөр настнууд, хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ зэрэг олон тусламжийг Дундговь аймгийн зүгээс үзүүлэх бол Өмнөговь аймгийн хувьд малчдынхаа тоон мэдээлэл, отроор ирсэн мал сүрэг гоц халдварт өвчингүй байх, бэлчээрийг зохистой ашиглах, ус ундарга бусад өмчийг хамгаалах зэрэгт анхаарал хандуулах мөн Дундговь аймгаас гаргасан отрын бүс нутагт шаардлагатай нөхцөлд худаг ус шинээр бий болгох асуудлыг Өмнөговь аймаг шийдвэрлэхээр боллоо.